Breaking News
Зурагт мэдээлэл
design
Үг үлдээх更多...
Name
Body
design
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан
Та энд байна: Зөвлөгөө - Хоол
Хөххотын хоол унд
Харсан: 2189 Огноо: 2009-11-29 Зохиогч:

    Умард Хятадын хот—Хөххотын түүх, газар зүй болон цаг агаарын онцлогоос шалтгаалан олон янзын орон нутгийн хоол ундын соёл зан үйлтэй болсон байна.
   

    1. Дөрвөн улирлын амтат хоол – Халуун тогоо
 

      Өвөл хаврын улирал болох бүр Хөххотынхон төрөл садан найз нөхөд олуулаа халуун тогоогоо тойрон сууцгааж амтат хоол зооглодог. Энгийн айл гэрт халуун тогоогоор хооллох төдийгүй, дээд, дунд, доод олон зэрэглэлийн ресторан, гуанз, цайны газар бүр халуун тогоогоор үйлчилдэг. “Халуун тогооны хотхон” хэмээн нэрлэгдсэн гуанз ресторанууд Хөххотын том, жижиг гудамжаар түгж, умард нутгийн үндэстнүүдийн хоол ундны онцлогийг хамгийн тод хадгалсан амтат хоол болсон байна.
Анх Хөххотод гуулин халуун тогоо хэрэглэдэг байсан нь идэхэд аятайхан, амттай байдаг боловч нүүрсээр халаах нь түвэг ихтэй болохоор сүүлийн хоёр жилд цөм газ түлш буюу цахилгаан соронзон зуухаар тогоогоо халаах болж, хэрэглэхэд дөхөм, илч сайтай, цэвэрхэн болсон байна.
Халуун тогоо бол Өвөр монголд л байдаг тал нутгийн бохирдолгүй хонины махаар гол материал болгож, бас тахиа, загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүн, олон зүйлийн ногоо хольж, буцалсан шөлөнд борлуулж идэх арга болно. Халуун тогооны шөл нь цагаан шөл, халуун ногоотой шөл гэж хуваадаг. Материалаар нь цэвэр хонины мах борлуулах болон ястай мах чанах гэх мэтээр олон зүйл хуваадаг. Халуун тогооны шөлөнд олон зүйлийн амтлагч хийж чанах бөгөөд аягандаа ч гүнжидийн жан, гогодын сорьс, жан дүүпүү зэргийг нэмж хэрэглэдэг.
 

        2. Өвөрмөц онцлогтой шуумай

       Шуумай бол Хөххотын нутгийн өвөрмөц хоол юм. Гуанзуудын зонхилох нь шуумай хийдэг бөгөөд дагнасан шуумай хийдэг том жижиг гуанзууд их бага гудамжуудаар тархсан байдаг. Шуумай хийхэд сайтар нухаж нийлүүлсэн гурилаа онцгой элдүүрээр хуурай гурил жийрэглэн элдэж, дахин лянхуа цэцгийн навч хэлбэртэй хальс болгож бэлтгэнэ. Шинэ хонины махыг жижиглэн татаж сонгино, гаа зэрэг амтлагч холин болгосон цардуул нэмж, хатуу зөөлөн нь тэнцүүхэн, улаан, цагаан, ногоон өнгө алагласан, хамар цоргим сайхан үнэр ханхалсан шуумайн идээ болгоно. Ийм идээгээ бэлэн болгосон шуумайн хальсанд хийж хөнгөхөн чимхэж анар жимсний хэлбэртэй болгоод, жигнүүр дээр 7—8 минут жигнэхэд л бэлэн болно. Шуумай бол үнэр амтыг хослуулсан хурц шандуун бус аятайхан хоол юм.
Дээр үед Хөххотын шуумайг бүр цайны газарт зардаг байжээ. Зочид эхүүн цай уухын зэрэгцээ боов боорцог зооглож, хажуугаар нь халуун уур савсалсан шуумай иддэг. Шуумай гэх нэрийн хувьд зарим нь цай уухын дагуу иддэг хоол гэсэн байхад бас зарим нь цэцэг шиг гоё мөртлөө амттай гэсэн утгатай гэх мэт хэд хэдэн хэллэг байх бөгөөд хятад үсгээр тэмдэглэхдээ ч олон янзаар бичиж байна.
Одоо шуумай нь Хөххотынхны жирийн иргэдийн хоол болж, урьдын шиг шинэ жил, цагаан сар буюу өлөө дарах гэж шуумай иддэг цаг нэгэнт үеэ өнгөргөсөн энгийн гол хоол болов. Шуумайн гуанз ч цайны газарт л зардаг байснаа гуанз, хоолны газруудаар цөм зарах болсон байна. Хөххотын нэлээд хүмүүс өглөөний хоолонд шуумай хэрэглэх заншилтай. Өглөөдөө тавиас зуун грамм шуумай идэж, халуун хар цайг хөлөртөл татах нь ёстой тэнгэрийн аз жаргал гэлтэй.
 

     3. Үчуаний овъёосны гурил дэлхийд тэргүүлнэ

    Овъёосны гурилыг тухайн нутгийн нэг төрлийн “нүцгэн арвай” буюу овъёосын язгуурын таримал болох юумайг нарийн талхдаж хийдэг. Эндэх овъёос тариалах талбай нь бүх Хятадын овъёос тариалах нийт талбайн 49.7 хувийг эзэлнэ. Овъёосонд агуулагдах уураг болон өөх тосны хэмжээ нь таван тарианы тэргүүнд орох төдийгүй бас фосфор, төмөр, кальци болон олон зүйлийн аминдэм зэрэг шим тэжээл агуулсан байдаг.
Овъёосны гурилаар янз бүрийн амтат хоол хийдэг. Түүнээр хийх вөвө, юйюй, хэлэ, нагао, жяожяо, куайлэй, ваньвань, дүньдүнь, бөмянь, төмстэй хавтгай юйзы зэргийг хийж болдог бөгөөд бас бин, жүюй, хуурсан гурил, жутан, ялтсан арвай, бэлэн лапша зэрэг хүнсний бүтээгдэхүүн хийж болдог. Тэр нь нутгийн чухал хоол болох төдийгээр зогсохгүй бас экспортын алдарт бүтээгдэхүүн юм. Тэр нь артери судасны хатуурал, зүрхний титэмлэг судасны өвчин, цусан даралт өндөр өвчин зэрэг өндөр настайчуудын өвчин эмгэгийг урьдчилан сэргийлэх, анагаах үүрэгтэй, мөн чихрийн шижин өвчин, элэг өөхлөх зэрэг өвчний эмчилгээнд туслах үүрэг гүйцэтгэдэг.
Овъёосны гурил бол энерги ихтэй өлтэй сайн хүнс болох болохоор нутгийн хүмүүс хэдэн зуун жил хэрэглэсээр ирсэн юм. Түүнээр дөрвөн улиралд адил бусын, олон янзын амтат хоол хийдэг.
 

    4. Олон нийтийн дуртай хоол :хонины цувдайн шөл

     Хонины цувдайн шөл нь Хөххотын нэртэй хоолуудын нэг болох бөгөөд тухайн нутгийн үндэстнүүдэд гүнээ таалагдсан хямд, амт сайтай, хаана ч байдаг хоол болно.
Хотончууд хонины цувдайн шөлийг хийхдээ гарамгай бөгөөд шөл, хийц, амтыг уялдуулан, ханд шөл хэрэглэж, шөлөө шинэ соргог, онц амттай байлгахыг анхаардаг.
Хонины цувдайн шөлийг сайхан амттай хийхэд ханд шөл хамгийн чухал байдаг. Ханд шөл гэдэг бол цувдай чанасан шөлөө солихгүй, ширгэх ойртвол ус нэмж чанасаар байж, тос мэт өтгөрсөн ханд шөл болгоно. Юуны өмнө угааж цэвэрлэсэн хонины гүзээ, гэдэс дотор, толгойг чанаж болгоод шүүн гаргаж бэлтгэнэ. Хонины зүрх, элэг, уушги зэргийг сайтар угаан цэвэрлэж, нарийхан буюу жижиглэн хэрчиж холиод тогоонд хийж зөөлөн гал дээр чанаж, бэлтгэж тавьсан хонины гүзээ, гэдэс дотор, толгойн махыг жижиглэн хэрчиж нэмээд түр буцалгавал бэлэн болно. Аягалахаасаа өмнө тосонд хайрсан халуун ногоо болон амтлагч ногоог тогоондоо хийж амт үнэр ханхалсан хонины цувдайн шөл болгоно.
Сайхан хийсэн цувдайн шөл нь хамар цоргим сайхан үнэр ханхалж, хүмүүсийн хоолны дуршлыг хөгжөөн, аяганд байхдаа өнгө алаглаж, аманд орохдоо амттай бөгөөд шандуун биш байдаг. Ажилд очихоосоо өмнө нэг аяга хонины цувдайн халуун шөл уучихвал, хачин дулаахан болдог шүү.
   

     5. Айл болгон хийж иддэг хуйцаа

     Хөххотынхон айл бүр “хуйцаа” хийж чаддаг. “Хуйцаа” гэдэг нэрээс нь бодоход мах ногоог хольж чанаж болгосон хоол баймаар. Хуйцаа хийх материал маш олон, тухайн нутгийн олон төрлийн мах ногооны зүйл бүр орж болдог тул цагаан хэрмийн гаднахь хүмүүс “их” гэсэн утгатай “да” гэдэг хятад үг нэмж, “да хуйцаа” гэж дотночлон нэрлэдэг юм. Хөххотын “да хуйцаа”-гаас хамгийн олон тохиолдох нь гахайн тосоор хийсэн хуйцаа байдаг. Халаасан гахайн (хонин) тосонд перец, гаа хиймэгцээ төмс, лууван, хул зэрэг ногоогоо хийж түргэн эргүүлэн хуурч, давс, жан-юү нэмж дахин хутган хуураад, ус нэмж чанана. Найман хувь болох үед дээр нь пүнтүүз хийж, усаа пүнтүүзийг давах хэмжээнд байлгана. Гүйцэд болсны дараа, тогоотой хуйцаагаа хутган холивол тогоо дүүрэн амтат “да хуйцаа” бэлэн болно.
“Да хуйцаа”-г өргөнөөр хэрэглэдгийн учир шалтгаан нь эн тэргүүнд Хөххотын цаг агаар харьцангуй хүйтэн байдаг. Боомтын гадна зөвхөн зуны улирлын үеэр дөрвөн сар гаруй хугацаанд л халуун байж, бусад улиралд хавар намрын цаг ч гэсэн нэлээд хүйтэн, дулаалга шаардах хугацаа урт байдаг. Ийм цаг агаарын нөхцөлд хэрвээ хуурга идвэл түргэн хөрч идэхэд эвгүй байх нь мэдээж. Харин “да хуйцаа” идвэл ходоодыг халуун байлгадгийн учир ходоодны өвчинд нэрвэгдэхгүй аж. Одоо дунд жижиг гуанзуудаар хооллогчдын таашаалыг татсан “вааран тогоотой хуйцаа” нь хооллогчдын баяр таашаалыг ихээхэн олж байгаа нь боомтын гаднахь хүйтэн цаг агаартай ихээхэн холбоотой байгаа биз.
Нэмж хэлэхэд, Хөххотод төмс, овъёосны гурил элбэг гардагтай холбоотой юм. Хуйцаа хийхэд гол найрлага болох төмс заавал ч үгүй дутаж болохгүй. Хуйцааг овъёосны гурилтай хольж идвэл, амт сайтай, тэжээл ихтэй, шингээхэд амар байдаг.
 

     Гурав. Бусад хоол

     Хөххотод мөн танилцуулж болмоор хоол зөндөө байна. Дээр танилцуулсан монголчуудын уламжлалт өвөрмөц хоол болон орон нутгийн өвөрмөц амтат хоол зуушнаас гадна, Хятадын олон газрын өвөрмөц хоол цөмөөрөө байна. Манж үндэстний “боов”-оор жишээлэхэд, түүнд сачмаа, фүрүн бялуу, ногоон буурцгийн бялуу, үхуа бялуу, махтай шуубин, хүйтэн бялуу зэрэг 20 гаруй зүйл байна. Хөххотын хотончууд гурил хоолыг голчлон хэрэглэх бөгөөд олон зүйлийн амтат хоол хийдэг. Үүнд юшян, мааз, шармигар боов, юүбүлаар гэсэн 4 зүйлийн үндэстний өвөрмөц хоолыг юуны өмнө нэрлэж болно. Хотончуудын хоол хямд, хөнгөхөн, ариун цэвэрхэн байдаг. Бас Гуандүн хоол, Сычуань хоол, зүүн хойт Хятадын хоол, Ланьжөүгийн татмал гурил, Ханжөүгийн жижиг жигнүүрт бууз, Бээжингийн шарсан нугас, Тяньжиний гөүбүли бууз, Америкийн МС, КFС, Японы Марокүчи лапша, Солонгосын шармал хоол, Тайваний юнхэгийн буурцгийн ээдмэг зэрэг Хятадын олон газрын өвөрмөц хоол болон хилийн чанадын өвөрмөц хоол цөмөөрөө байна.

 

Ирэлт: солонго
Найруулагч: Одончимэг
Сэтгэгдэл ( 0 )
Нэр: *
Сэтгэгдэл: *
 
 
Холбогдох мэдээлэл